Жимүүр
хэмээх жижигхэн шувуухай модны мөчир дамжин шулганах бөгөөд түүний чичирхийлсэн
нарйин дуу нь хүмүүсийн сэтгэлд хөгжим мэт уянгалах тул тэндийг дууч шувууд
хэмээнэ. Аниргүй намуун лавринд эм хүний эмзэг нууцаа дэлгэн шивнэн ярилцах
гурван бүсгүй хааяа тэсгэлгүй инээд алдах нь модноо шулганах жимүүр шувуудын
дуутай хослохуй цогц төгөлдөр сэтгэл гижигдэн сэргээсэн уянгалаг нэгэн хөгийг
үүсгэх бөлгөө.
Төгөлийн
дунд тавьсан чулуун жимээр шивэгчин ирж ярилцан суусан хатагтай нарын өмнө
мэхэсхийгээд нэгнийнх нь чихэнд аминчлан шивэгнэсэнд, бүсгүйн царай таагүй
дүрээр хувирч төв байдал засаад зарц бүсгүйд хандан толгой дохив. Энэ бол Цэвэ
Ярсаен вангийн татвар эмсийн нэг Аргина Шиянжин хэмээх бүсгүй байлаа. Тэрээр
нас ахиж яваа нэгэн хийгээд Их ванд олон хөвүүн төрүүлэн өсгөсөн боловч харц
гарлын улмаас өдийг хүртэл хатан сууринд заларч чадалгүй суугаа билээ.
Аргина
үжин нөгөө хоёр ахайтанд хандан:
-
Нөгөөх
чинь ирчихэж гэж их л тээршаасан байртай хэлсэнд тэд жоготой инээмсэглээд
сэрүүн лаврингаас сэмхэн гарч одлоо.
Удалгүй
чулуун жимээр лаврин өөд нэгэн пөөнийсөн хар хүн уухчин ирээд Аргина үжний
амрыг айлтгахын хамт аймшиггүйгээр гарыг нь атган шадарлан суух гэсэнд үжин тал
засан эелдэгээр зайлуулаад холхон суулаа. “Нөгөө л зуларсан адсага шиг болтол
үглэсэн янаг дурлалаа яриад салж өгөхгүй дээ” гэж санаа алдан хяламхийв. Үнэхээр ч түүний бодсоноор болж шивэгчид цай
авчираад гарсны хойно пөөнийсөн хар хүн:
-
Үжний
бие лагшин тунгалаг хийгээд ариун цогцос үзэсгэлэн төгөлдөр хэвээрийг үзээд
миний өчүүхэн сэтгэл нэн хэтэрхий баярлан бахданам гэж эхлэн шалиг үгийг урсгаж
эхлэв.
Төрөхөөс
нуруу бөгтөр, өсөхөөс нүд харалган, шүд нь орсгой, шүлхий даравгар үзэшгүй
муухай энэ хүнийг Юлмэн Шавтай хэмээх бөгөөд үнсэн хөх царайндаа бүдүүн хар
хүрээтэй зузаан шил зүүсэн нь улам ч муухай төрхтэй болгожээ. Юлмэн бээр Аргина
үнээс үе мултарсан дүү боловч янаг сэтгэлтэй хэмээн шалиглан наалдах бөгөөд
харин үжин түүнийг харах тоолон айж үргэм муухай төрх хийгээд үмхий хорон
санаанаас айдаст автдаг бүлгээ.
-
Төрийн
хэргийг хэлцсүгэй хэмээн Ноёо Нжасүн ванг зорин ирсэнд тэрээр эзгүй байж
таарлаа. Тэгэхээр нь хатагтай таныхаа гэгээн дүрийг халиасу хэмээн сэтгэлийн
гижгийг аялан дагасаар энд иржүхүй. Үжин чамайгаа санахаар өдөр шөнийн заагийг
үл хайрхан гиюүрч өөр хүнийх гэж бодохоор өвчүү дэлбэрэх шахаад зүрх зовуурилан
гаслана. Дурлалдаа шатсан өчүүхэн би ариг үзэсгэлэнг чинь харалган нүдэндээ
тогтоон шингээж оволзсон сэтгэлийг нэгэнтээ торгоосу..
Юлмэн Шавтай
бээр Их хааны ордонд шадар сайд агсан Оргиз Нжасүн вангийн хиа түшмэлээр ажиллаж
байхдаа Цэвэ Ярсаен вангийн татвар эм Аргина Шаянжин авхайд янаг сэтгэлтэй
болсон хийгээд түүнийгээ нуун аядсаар нэгэн цагт өөр албанд томилогдон оджээ. Цэргийн
яамны Чанадыг тольдох өндөр бичгийн их сан хэмээн нууцлаг нэгэн газар алба хаах
өчүүхэн түшмэл энэ хүнийг талийгч Оргиз вангийн давхар захьсан нэгэн санааг
гүйцэлдүүлэх үүрэг тохоогдсон гэлцэнэ. Олон бүгдээр цэрвэн зугадах энэ ихэмсэг
муухай хүн түүний өмнө золбин нохой шиг өчүүхэн болтлоо шалчийж байхыг харахад
эхэн үес Аргинад соньхон байлаа. Гэвч хожим, залхаж, эцэстээ бүр дургүй нь
хүрдэг болжээ.
Аргина
Үйнийг шууд хөөгөөд явуулчихаж төвдөлгүй үнэн сэтгэлийг нь бодон өрөвдсөөр
нэлээн хугацаа өнгөрсөнд, Юлмэн давран Цэвэ вангаас зугатан миний өвөрт ир
хэмээн эрээ цээргүй аашилсанд гэнэт дургүй
хүрээд нэгэн өдөр хөөж явуулсан боловч огт нэмэргүй харин ч бүр дахин
дахин шалгааж чаргууцалдан наалдчихав. Дэмий л нүүр өгчээ хэмээн үжин харамсах
ажээ.
-
Их
түшмэлийн алба үүрэг тайван амгалан буюу хэмээн жижүүрийн ёсорхуу үгээр
хайхрамжгүй асуусанд Юлмэн юу ч үл бодон,
-
Төрийн
алба түвшин. Хаанц нууц зарлиг буусан тул ойрд ажил ихтэй. Энэ тэндхийн олон
түшмэл элдэв долоон юм асууж шалгаагаад том жижиг ноёдын нэрээр сүрдүүлэх нь
нэн төвөгтэй. Улсын гадна дотнын их хэргийг
засахад өчүүхэн биед хураасан эрдэм мөхөсдөж хааны үйлийг залгуулж
чадахгүй болов уу гэж аюух юм даа хэмээн өөрийгөө их л догь хүн болгон үзүүлж,
бага ч болов хүндэтгэл эрэх нь өчүүхэн бөгөөд үнэн инээдтэй ажээ.
-
Хийх
ажил их байвч цээжний цаана янаг сэтгэлээр цохилох миний зүрх алба ажилд тээр
болж амар заяа үзүүлэх биш. Харин үжин лүгээ шадарлан суухуй хамаг зовлон үтэр
арилаад уужим амьсгаа авахтай болох юм даа гэснээ дахиад л өнөө дурлалын тухай
уйтгартай яриандаа оров.
Аргина
үжин эгээ эвшээчихсэнгүй, ханцуйгаараа нүүрээ даран бөхийх зуур жимүүр шувууны
жиргэн шулганахыг сонирхлоо.
Эр эм
хоёр шувуу шимсэл хэмээх цэцэгт модны мөчир дамжин хөөцөлдөн жиргэнэ. Биеэр
арай том эм жимүүр саглагар навчтай нэгэн мөчир дээр сууж, толгойгоо ийш тийш
огцом огцом эргэлдүүлэн орчныг сонирховч харц нь хажуугийн мөчир дээр дээр
өөдөөс нь харан суух эрэгчин жимүүр дээр үл тусах нь түүний янзыг үзэж янагийн
сэтгэлийг улам өдөөн шатаасугай гэх мэт ажгуу. Навч хомс нарийн мөчир дээр
суусан эр жимүүр эмийнхээ сэтгэлийг татах гэж байдаг чадлаараа оролдон урд
хойно орон олон өнгийн дуу дуулан шулганаж далавчаа дэвэн өд сөдөө сагсайлган
элэвлэх авч хөөрхий түүний бүх оролдлого талаар болох ажээ. Үүнд гутарсан тэр
бээр “би зайлсугай” хэмээн гэнэт дэрхийн нисэн одовч цэцэрлэгийн хашаа ч
давалгүй эргээд л уг шимсэл дээрээ ирнэ. Энэ эгшинд эм жимүүр зайлан жиргэж өөр
нэгэн мөчир дээр очих бөгөөд бие бага эрэгчин цуцаж шантралгүй араас нь элдэн
очиж дуулах бөлгөө.
“Юлмэн бид
хоёр энэ шувууд шиг цэнгэнэ” гэх саваагүй бодол гэнэт зурсхийтэл орж ирэхэд
ахайтны дотор муухай оргин огиудас хүрэн агзасхийв.
Хоёр шувууны наадахыг
ажиглан инээмсэглэх Аргинаг Юлмэн анзаарч өөрийн яриаг үл сонсохыг мэдэж дуугаа
хураалаа. Ахайтан гайхан эргэж харвал түшмэлийн царай гунигт автан ажээ.
-
За би
эрхэм ахайтныг өөрийн улигт үгээр дэмий баахан чилээж тав алдуулсныг уучилж
өршөөнө үү гээд босохоор завдав.
-
Эрхэм
түшмэл азнахгүй юм уу гэж Аргина нүдээрээ инээмсэглэн хоосон зуйрахад энэ үгийг
сонссон Юлмэн Шавтай зогтусан гэнэхэнээр итгэн, эргэж байрандаа суув.
“Хэрэггүй
ингэж хэлээ” гэж ахайтан дотроо амаа бариад цай оочлонгоо гадагш харагч болон
бодолхийлэв.
Юлмэн уулаасаа
эмс охидтой орооцолдоход болгоомжит тул авгай хүүхэн эргүүлэх зүгт арга мухар
нэгэн болой. Тиймээс эм хүний сэтгэлийн найр шагнах хийгээд хоосон зулгуйдах
хоёрыг үл ялгах нь нэн гэнэн. Дээр нь олон жил амрагийн явдлыг нэвт үзэж
өнгөрүүлсэн эгчмэд татварын алиа хуурмаг ааш барьцгүй.
Азнах
эсэхийг асуусан нь түүнийг үлдээх гэсэндээ бус гагц тал үзүүлж элдэг авирласан
хэрэг болохыг суусан хойноо ухаарсан Юлмэн санаагаар унаж явсугай хэмээн
шийдэв. Ширээн дээрээс аягатай цай авч яаралгүй оочин суух түүнийг Аргина
ажиглаад явуулах гэсэн санааг нь ойлгосон бололтойд баярлан:
-
Ноён,
одоо яваад хэзээ ирэх вэ гэлээ.
-
Мэдэхгүй
байна. Алба ажил яаруу давчуу тул шууд хэлэх бэрхтэй гэнгээ Юлмэн хоосон аягыг
ширээнээ тавиад уртаар санаа алдан босч салахын ёсыг хийгээд сажлан одлоо.
Юлмэн Шавтай
цэцэгт бутны цаагуур далд ороход Аргина сэтгэл амарч, нүдээ анин тэнүүн амьсгаа
авав.
No comments:
Post a Comment