Агаарт
нэгэн бөмбөлөг өлгөөтэй бах бөгөөд түүний дор таван хүн тал талаасаа цуглав. Эр
эм хос тус бүр хоёр байх ба харин нэгэн салбага этгээд гагцаар ирлээ.
Эмэгтэйн
нэг нь бусдыгаа их бишүүрхэнгүй харж, ойртож чадалгүй байхыг ажвал,
уулзангуутаа гар хөлөө саван олон зүйлйин хэл дэлгэх нөгөө дөрвөөсөө хөндий хүн
болох нь илт ажээ. Энэ эмэгтэйг Аргина хэмээх бөгөөд өөрт дурласан гэх Айшуу
хэмээх залууг даган нөхөдтэй нь танилцахаар ирсэн бөлгөө. Аргина бээр Айшууд
хайр сэтгэл үгүй боловч түүний гэнэн тулгар занг өхөөрдөх ба бас ч эгэл бус
хачин авирийг нь сонирхох үүднээс түүний нөхдийг ямар бол хэмээн үзэх бодол
агуулжээ. Гэвч энэ бүхний дундаас Айшуугийн муйхар шаардлага, зохисгүй
албадлагаас зайлах аргагүй болсон нь гол шалтгаан болой.
Айшуу
арчаагүй дорой дуугаар өөрйин нөхдийн нэрийг дуудан танилцуулав. Чанга дуу,
хахир дээрэлхүү зангаараа хороон захирагч хоч авсан түүнийг, ийм арчаагүй дорой болохыг хараад нөхөд нь
гайхан харнаа. Харин эм хүний гэгэлхэн зангаараа Олроо хэмээгч нь хороон
захирагчаасаа илүү Аргинаг нэвт ширтэн ажиглаж, түүн лүгээ үг хамтатгасугай
гэхээс хэл амь нь гозолзож эгээ л могой мэт анам.
Хэсэг
хугацааны дараа тэр таван хүн Жайлан толгой өөд зугаацаар одлоо. Зам зуур Олроо
санасандаа хүрч Аргинагийн бөөрөнд наалдан далан хэл дэлгэхэд эрс түрүүлэн
өндөр, нам, жир дуугаар ярилцан алхална. Олроогийн эр бөгөөд Оёроо хэмээгч
нэгэн бээр нам тайвныг эвдэн “хаая...” хэмээн их дуунаар гэнэт гуяа алгадан
хашгачсанд Аргина хэлмэн сандарч зүрх нь түгшүүртэй еэ савлав. Урагш харвал,
гурван нөхрийн ярианы эрчим нэн хурдасчээ. Олроо Аргинагийн сочин аюулхыг
анзаарч,
-
Бүү эмээгтүн.
Галд тос нэмэхэд дүрсхийдэг шиг Аллах бурхан Оёроод онгод бэлэглэхэд ингэж
дүрэлздэг юм. Гэлээ.
Харвал зам даган урд алхах түүний
биеийг гэрэлт ногоон туяа нэлмэрэн дагах аж.
Гайхсан Аргинагийн нүдэн бас
нэгэн хурц шар гэрэл тодрон нэлмэрэхийг харвал, нуруугаа үүрэн газар ширтэн
алхах Айшуугийн зоо нуруу ажээ. Толгойд нь хар цагаан сүүдэр сүлэн эргэлдэж Айшуу
нялуун аялгатай харь хэлээр хэдэн үг хэлэхэд күнз, бумба алин болохыг мэдсэнгүй
ч ёс журмын сургааль болохыг ухаарав.
Нүдний харц эрхгүй гуравдах
хүнийг хайн одохуй яа, Үйсү хэмээгч нь цагаан сүүдэр нэлмэрүүлэн, басхүү
уянгалан нэгэн зүйлийг ярих нь сургааль бус харин шалиг санааг уран үгээр
чимсэн нүцгэн хүүхэн байлаа.”Би ордны завхай явдлыг харан жигшээд тэндээс хотын
захиргаанд очин түшмэл болсон суухаар шийдвээ” хэмээн нам дуугаар аальгүй маяг
гарган хэлэхүй нүд нь бүтээж, хуруу нь гозолзох ажээ.
Олроо тайлбарлан,
-
Үйсү Декамерон
уншиж байгаа юм. Одоо өөрийгөө эзэн хаан гэдгийг мартчихаад хот хөдөө бядан
явах жүүд хэмээн сэтгэн буй гэв.
-
Энэ юун гэрэл буй
хэмээн Аргина асуувал,
-
Уншсан номын
санаан дор өөрийн нүдийг хавяуулснаас чанад утгыг эс ойлговч, номын баатар чамд
хувилбж, эс бол ертөнцийн жам чамд шүгэлмүй. Оёроо өөрийн биеийг Аллах
хэмээвэл, Айшуу цзы болж даогийн замаар хөгжиж, харин Үйсү одоогоор Декамерон
болчихоод буй. Энэ үед бодит ертөнц хоосон болох бөгөөд хоосон ертөнц бодит
болж, ном бүр өөр өөрийн өнгөөр уншигчийг даган сүүлэн гэрлийг үүсгэх болой.
Ногоон, шар, цагаан гэрэл тэднийг дагах нь энэ учир болой гэв.
Таван хүн замын дагуу зөрөг
замаар алхажл явснаа урд гурван хүн хажуу дахь хоолой руу сүрэн гарсанд арын
хоёр эм дагалдан мацлаа. Зэрэгцэн татсан цэвэр хийгээд бохир усны хоёр хоолой
мөн л Жайлан толгой руу хөтлөх бө явагсад алхах эрчмээ сааруулсангүйд нарийн
хоолой дээгрүүр явж анх удаа үзэж байгаа Аргина бээр дэгэцэн явна. Олроо
түүнийг түшин хурдан явуулахыг сануулсанд чөөчигнөн алхалснаа удалгүй тэнцвэрээ
барьж сураад жир явах болов.
Хоолой дээр гараад харвал, гурван
хүний сүүлэн гэрэл сүүдэрт хучигдан байхыг үзэв. Юун учир болой хэмээн асуувал
Олроо,
-
Энэ хүмүүс номонд
нүдээ хавчуулсн боловсрох авч, тэр тоолон номын ёсыг зөрчин үй олон алдах
бөлгөө. Мөн сэтгэл оргилохыг хүлцэж чадалгүй, уншсан дороо гэнэ тулгараар ойр
тойрны мэргэдийг дээрэлхэн авирлаж үл ойшоох зан ямагт гаргахын тлд сүүлэн
гэрэл булингартан харлах нь энэ болой.
Зэрэгцэн тавьсан хоолой дээгүүр
үсчин дэвэн байх гурван хүнийг харан “эрүүл хүн ингэхгүй дээ, эд лав солио
галзуу өвчтэй бололтой” хэмээн Аргина ухаарч аюулхайд нь айдас хуралдав.
-
Оёроо, Үйсү, Айшуу гурав солио өвчтэй буюу? Чи үнэнийг хэлж өгнө
үү гэвэл тэр үнэн гэж Олроо хэлээд – Гэвч сэтгэлзүйн хувьд эрүүл хүн гэж
ерөөсөө байдаггүй юм гэж сургав.
Энэ зуур үсчин буй гурван хүний
дэвэн савах гаран доор өд сөхөгдөн шувуун далавч болохыг Аргина гайхан харав.
Тэд хоёр хоолойн хооронд үсэрч, дэвхцэн тэр хэрээр дуу нь чангарч, мөн харлан
харласаар гурван хэрээ болон хувирлаа. Сүүдэрт хучигдсан сүүлэн гэрэл нь
тэнгэрт хөөрц ногоон, шар, цагаан өнгийн хуй болон сэрсэрч хавь ойрын юмсыг
асар хүчтэй сорон татаж эхлэхэд том жижиг жир гурван хар хэрээ тойрон
эргэлдсээр аажуухан гэгч дээш хөөрч хуйн зүг нисэв. Бүрхэг гэхэд дэндүү
харанхуй гэрэлт өдөр ийм хуй босохыг харах сонин байлаа.
-
Солиорлын
демонстрац гэж энийг хэлдэг юм. Би үүнд их дуртай гэж гэнэт чангаар хэлсэн
Олроогийн дуунд Аргина сочин харвал, түүний нүд гагц тэнгэр дэх эргүүлгийг
ширтэн хүүхэн хараа нь хөдөлгөөнгүй болсон байх бөгөөд нүүрэнд нь царцанга
инээмсэглэл тодрон ахуйг харж “бас л солиотой хүн ажээ” гэж бодов. Цээжээ тэврэн
зогссон Олроо гэнэт урагш шийдмэг гэгч алхан жигүүрээ дэлгэн ногоон гэрэлт
хэрээ болон ниссээр том хар хэрээний далавчин нөмөрт хоргодон одлоо.
“Яагаад би солиотой хүмүүсийн
тархин доторхийг хараад байна вэ, энэ юун шуурга вэ” гэж Аргина бодоод хуй салхинаас
даруй холдон зайлсугай хэмээн гараа савахуй дор жигүүр даль нь сүрхийн
дэлгэгдэхийг үзвэй...
No comments:
Post a Comment