
Турк миний очиж үзэж байгаа анхны Ислам шашинт орон юм. Хааныхаа ордонд Гэгээн Жоны гарын ясыг алтан бээлийд хийн хадгалжээ. Бээлийнийх нь дээр гаргасан дөрвөлжин нүхээр хүний сарвууны яс харагдана. Өөр бас нэг гэгээнтнийх нь толгой ороосон малгай, бас нэг гэгээнтний гавлын ясны хэсэг, Мухамед гэгээний хөлийн мөрийг бэхжүүлсэн шавар, Мухамедийн сахлын хэсэг гэх мэт сонин сонин юмыг заримыг нь алтаар бүрж, заримыг нь алтан хайрцагт хийн хадгалжээ. Тэгээд үе үеийн султан тэр ариун зүйлээ хадгалсан шүтээнийхээ сүмд мөргөл хийдэг байжээ.
Ариун нэгний хэрэглэж явсан зүйл юм уу, биеийнх нь хэсэг өөрөө шидийн хүчтэй хэмээн шүтэх явдал олонтаа. Бурханы шашинтан бид бурхан багшийн чандар, гэгээрсэн модных нь навчийг хүртэл шүтэж, сайн сайхныг авчирна гэдэг. Христүүд ч бас Гэгээн Петерийн цогцос Ватиканы суурьт нь байдаг гэдэг билээ. Магадгүй, түрэгүүд өнөөг хүртэл тэдгээр гэгээнтнүүдээс үлдсэн зүйлээ хадгалаад байгаа болохоор эзэнт гүрний хэмжээнд байгаа ч юм уу гэж бодоход түрэгүүдийг, бас ислам шашныг хүндэтгэх сэтгэл төрж явлаа.