Monday, December 14, 2009

Топкапын ордноор

Би Туркийн тухай төдийлөн мэддэггүй байжээ. Султаны ордныг музей болгосныг очиж сонирхлоо. Гайхалтай юм аа.
Турк миний очиж үзэж байгаа анхны Ислам шашинт орон юм. Хааныхаа ордонд Гэгээн Жоны гарын ясыг алтан бээлийд хийн хадгалжээ. Бээлийнийх нь дээр гаргасан дөрвөлжин нүхээр хүний сарвууны яс харагдана. Өөр бас нэг гэгээнтнийх нь толгой ороосон малгай, бас нэг гэгээнтний гавлын ясны хэсэг, Мухамед гэгээний хөлийн мөрийг бэхжүүлсэн шавар, Мухамедийн сахлын хэсэг гэх мэт сонин сонин юмыг заримыг нь алтаар бүрж, заримыг нь алтан хайрцагт хийн хадгалжээ. Тэгээд үе үеийн султан тэр ариун зүйлээ хадгалсан шүтээнийхээ сүмд мөргөл хийдэг байжээ.
Ариун нэгний хэрэглэж явсан зүйл юм уу, биеийнх нь хэсэг өөрөө шидийн хүчтэй хэмээн шүтэх явдал олонтаа. Бурханы шашинтан бид бурхан багшийн чандар, гэгээрсэн модных нь навчийг хүртэл шүтэж, сайн сайхныг авчирна гэдэг. Христүүд ч бас Гэгээн Петерийн цогцос Ватиканы суурьт нь байдаг гэдэг билээ. Магадгүй, түрэгүүд өнөөг хүртэл тэдгээр гэгээнтнүүдээс үлдсэн зүйлээ хадгалаад байгаа болохоор эзэнт гүрний хэмжээнд байгаа ч юм уу гэж бодоход түрэгүүдийг, бас ислам шашныг хүндэтгэх сэтгэл төрж явлаа.

Санта София


Санта София гэх энэ сүмийг үзэх сэн гэж би хэдийнээс хүссэн билээ. Византийн үед барьсан энэ сүмийг дэлхий дээрх хамгийн анхны Христийн сүм гэдэг санагдана. Өмнө нь Ромын олон бурхдад зориулсан сүмүүдийг Христийн болгож өөрчилж байснаас яг Христийн гэсэн сүм огт барьж байгаагүй ажээ. Византид хамгийн анхны чуулган хурж, бурхан хийгээд Исүсийг үзсэн гэх олон гэрчлэлийг шүүн эмхэтгэж Библь гэх судрыг албан ёсны хувилбарыг боловсруулсан гэдэг. Харин зарим гэрчлэлийг эргэлзээтэй гэж орхисон нь өнөөдөр "да Винчи код" гэх шуугианд номын үндэс болоод байгаа Исүсийн охин гэх халтар царай Сара гэх охиныг шүтдэг Этиопын заншил, католикуудад буруу номтон гэж хөөгдөхдөө Несториануудын нууж үлдээсэн Сөнөсөн тэнгисийн сурвалж зэрэг маргааны үндсийг тавьсан билээ.
Энэ сүмийг Византийн уран барилгач аав хүү хоёр барьсан гэдэг. Аав нь эхэлж бариад тэнгэр болсны дараа, сүмийн аварга том бөмбөгөр орой, суурьтаа үзүүлж байгаа даралт энэ тэр гээд баахан юмаас болж, цав гарч эхэлснийг нь хүү нь өөрчилж, зассан гэдэг. Аав хүү хоёрын энэ барилга одоо бараг л 1500 шахуу жил оршин байгаа нь энэ. Хожим түрэгүүд Константинополийг эзэлж, Истанбул болгосныхоо дараа энэ сүмийг Исламын болгон өөрчилж, гадна нь ихэр дөрвөн шовх цамхаг барьсан гэдэг. Энэ сүмийг үзэх сэн гэсэн хүслээ ингэж биелүүллээ дээ. Гайхалтай байлаа. Хүн төрөлхтөн ямар агуу билээ.