Friday, May 9, 2008

Өнөөдөр зүгээр л нэг сонин бодол төрлөө. Манай Монголчуудын нэр их урт юм. Дээрээс нь овогоо хэрэглэвэл бүр ч их урт болох нь. Дээрээс нь бид яагаад ч юм бэ: Жалбажав, Дамбийжалцан, Лувсандоной энэ тэр гэж: нэрээ дандаа залгаж бичдэг уламжлалтай юм. Магадгүй оросоос дамжсан уламжлал биз дээ.
Гэтэл өрнө дорно дахин нийлмэл нэрийг дандаа салгаж бичдэг уламжлалтай байх юм. Жишээ нь: Жорж Уоркэр Буш гэдгийг уул нь Монгол уламжлалаар нийлүүлж бичвэл Жоржуоркэр Буш болох нь л дээ. Хэрэв миний нэрийг салгаж бичвэл таван үг болж бичигдэх нь: Сарлагтай Отгон Баярын Маш Бат гэж.
Харь өрнийн олон сонин заншил дотор аав хүү хоёр яг ижил нэртэй байх явдал байх юм. Аавыг нь ч Брайн гэдэг, хүүг нь ч Брайн гэдэг. Тэгээд дуудахдаа урд нь (senior)ууган, (junior) отгон гээд ялгаад дуудчихдаг. Тэр айлын хоёрдахь хүү нь бас Брайн бол дугаарлаж дуудна. Тэгээд Жон овгийн тэдний эрчүүдийг Жон ууган Брайн, Жон отгон Брайн, Жон удаахь Брайн гээд л явах нь л дээ. Жишээлбэл, би Сарлагтай Машбат, миний хүү бас Сарлагтай Машбат байх агаад дуудахдаа намайг Сарлагтай ууган Машбат, хүүг минь Сарлагтай отгон Машбат гэх нь ээ. Хэрэв миний удаахь хүү бас Машбат байх юм бол дугаарлаж эхэлнэ. Сарлагтай удаахь Машбат гэж. Сонин юм шүү.
Одоо Америкуудын дунд бас нэг шинэ хувилбар түгээмэл болоод байна. Тэр нь нэрийнхээ дунд хаалтад дуудах нэр буюу хоч нэрээ хавсаргах. Жишээ нь Элизабет Олимпиа Тэйлор гэдэг нэртэй хүнийг ойр дотных нь хүмүүс Лиз гэж дууддаг бол Элизабэт Олимпиа (Лиз) Тэйлор гэж бичих. Жишээ нь миний нэрийг бол: Сарлагтай Отгонбаярын (Машаа) Машбат гэж бичих нь ээ.

Араб дахинд бас хүү, эцэг, өвөг энэ тэр гээд долоон өвөгөөр нь авгайлж дууддаг байна. Мухамед абу Салам ибн Фахад ибн Расул ибн Сулейман гэдэг нь Сулейманы хүү Расулын хүү Фахад хүү Саламын аав Мухамед гэх жишээтэй. Ухаан нь, Бавуугийн дөч Хасбазарын гуч Сосорбарамын ач Отгонбаярын хүү, Ирмүүны эцэг Машбат гэх нь л дээ. Яг эцгийн шугамаар нь долоон үе дуудах хэцүү санагдаад байгаа юм.
Манай монголд уламжлалт хэлбэр нь бас л өвөрмөц. Удам, яс, овог гэх мэт ялгаа их, тэгээд тэрийгээ бүгдийг нь тоочно. Мангудын удам, Дайртны яс, Сарлагтны овог Отгонбаярын хүү Машбат гэх жишээтэй.
Газар газрын нэр овгийн сонинг өөрийн биеэр жишээлэн үзвэл ийм байх ажээ.